Инээсэн зургийг тань

--

Инээсэн зургийг тань хараад тайтгарч бас уйлмаар, хачин.

Ийм харцыг би зууны тэртээх булшинд л сүүлд харсан.

Анивчин анилдсаар үүрд надаас алсарсан

амирлангуй тэр харц өөдөөс минь инээмсэглээгүй.

Жаахан охин байхдаа дэвтэртээ зураад мартчихсан

жаран жилийн дараа чамайг төрөхөд би үхсэн

Үүл заан хуруугаараа тоглоход чинь

үсэнд минь

үнс нь ирээд хорвоогоос би хальсан.

Мянганы дараа нэгэн цагт хүмүн биеийг оловч

миний хайрласан харц зүрхэнд багтаж амжсангүй

Инээсэн зурган дээр тантай хамт инээсэн бүсгүйн

эчнээ дотно харц эгээ над шиг ээдэрч л яваа.

--

--